
Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувиллын хоолноос долоон хүүхэд хордсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус клиникийн дарга, ажилчдаас тодруулав. Уг сувилалын газар нь дутуу төрсөн нярай болон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн асарч сувилдаг юм. Хүүхдийн клиник сувиллын дарга хэлэхдээ “Долоон хүүхэд хордсноос хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Эхний ээлжинд сувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулсан. Одоогоор ажлын хэсгийг шуурхай гаргаж сувиллын ажилчид болон хүүхдүүдийг шинжилгээнд оруулж байгаа. Зусланд гарсан хүүхдүүдээс дахин шинжилгээ авсан ч хордлогын шинж илрээгүй” хэмээн мэдэгдлээ.
Дэд сайд Ж.Амарсанаа дахин ийм асуудал гаргахгүй байх талаар онцгой анхаарч, хүнсний аюулгүй байдал болоод ажилчдын хувийн ариун цэврийн асуудлыг хянахад ямар хэмжээ авч байгаа ажлын тайлангаа ойрын хугацаанд ирүүлж, нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэгдэж байхыг үүрэг болгов.
Д.Ундрах /24tsag.mn/