
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсад 2010 онд хийгдсэн судалгаагаар тухайн жил төрсөн нийт хүүхдийн 71 хувь нь нэг цагийн дотор ангир уургаа амалсан бол хоёр нас хүртлээ эхийн сүүгээр хооллосон үзүүлэлт 66 хувьтай байжээ. Сүүлийн жилүүдэд эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллох байдал багасч байгааг албаныхан хэлээд нийгмийн хэрэгцээ шаардлагаар сургууль, ажил гэх мэт бусад зүйлд илүү их цаг гарган хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллож чадахгүйд хүрдэг гэсэн юм.
Одоогоор шинжлэх ухаан эхийн сүүг орлуулах ямар ч бүтээгдэхүүн гарган чадаагүй байгаа бөгөөд хүүхэд төрөөд зургаан сарын хугацаанд тасралтгүй эхийн сүүгээр хоололсноор амьдрах чадвар нь эхийн сүү хөхөөгүй хүүхдүүдтэй харьцуулахад 14 дахин ихэсч, таргалалт бодисын солилцооны өвчнөөр өвчлөх магадлал гурав дахин багасдаг аж. Мөн халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлж, уушигны астмаар өвчлөхгүй байх магадлал гурав дахин өндөрсдөг нь тогтоогджээ.
А.Наранцэцэг