
Жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд-2013” олон улсын цэргийн хээрийн хамтарсан бэлтгэл сургуулилт өнөөдөр Налайх дүүрэг дэх Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд эхэлж байна. Сургуулилт энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлнэ. Энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг бөгөөд хээрийн сургуулилт 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ аж. “Хааны эрэлд-2013” нь АНУ-ын Номхон далайн командлалын Явган цэргийн корпус болон Монгол Улсын зэвсэгт хүчинтэй хамтран бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих үүднээс жил бүр олон улсыг хамруулан зохион байгуулагддаг цэргийн сургуулилт юм. Түүнчлэн энэ үеэр цэргийн инженерүүд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, барилгын инженер, хүмүүнлэгийн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулна. Үйл ажиллагаатай холбогдуулан манай улсад Номхон далайн командлалын командлагч нар айлчилж байна.
Т.Энхэлээ