
Яаралтай зүрхний хагалгаанд орох хэрэгтэй байгаа Г.Нямдаваа хүүгийн эмчилгээнд зориулсан “Зүрхний хайлан” нэртэй хандивын тоглолтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хандивын тоглолтыг “Дельта констракшн” болон МЗЭ-ийн дэргэдэх Залуу Зохиолчдын Нэгдэл хамтран зохион байгуулж байгаа юм. Тоглолт энэ сарын 10-нд 19.00 цагаас "UB палас"-д болно. Хандивын тоглолтонд үе үеийн дуучид, залуу яруу найрагчид оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулахаар болжээ. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 3000 тасалбар байгаагаас “Дельта констракшн” компани 2500 билетийг нь худалдан авч байгаа аж. Энэ жил дөнгөж 18 нас хүрч байгаа Г.Нямдаваа хүү манай улсад эмчлэх боломжгүй зүрхний өвчтэй. Түүнд анх есөн сартайд нь энэ өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд 2010 оноос өвчин нь хүндэрч түүний зүрх томорч, хэм алдалт нь ихссэн аж. Мөн хавхлаг руугаа нөлөөлж эхэлжээ. Өвдсөн үедээ түүний зүрх минутанд 200-225 хүртэл цохилдог. Ингэж өвдөх бүртээ эмнэлэгт очдог ч түр зуур өвчнийг нь намдаагаад цаашид өөр эмчилгээ хийх боломжгүй гэдэг байна. Улмаар түүний гэр бүлийнхэн Энэтхэг улсын зүрх судасны багт хандсанаар түүнд хагалгаа хийхийг зөвшөөрчээ.
А.Наранцэцэг