
Шинэ Зеланд болон Австрали улсад үйлдвэрлэсэн импортын хуурай сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хүний мэдрэлийн төв системийг гэмтээх бактери илэрлээ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Тиймээс Шинэ Зеланд улсын хуурай сүүгээр БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб улсад үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийн эрсдлийн үнэлгээг яаралтай хийж, Монголын зах зээлд байгаа бүтээгдэхүүнийг эргүүлэн татах ажлыг яаралтай хийхээр болжээ. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шинэ Зеланд улсын Фонтерра үйлдвэрийн шар сүүний уургийн хатаамж, өтгөрүүлсэн бэлдмэлийг ашигладаг БНХАУ-ын "Dumex" тэжээлийн үйлдвэр, "Hangzhou Wahaha", "France Danona" болон "Coca Cola" компани, БНХАУ дахь салбар үйлдвэрийн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт тамирчдад зориулсан уургийн бэлдмэл зэрэг зарим бүтээгдэхүүн амьсгал боож, булчин задалдаг маш хортой "Clostridium botulinum" нянгаар бохирдсон байх магадлалтай талаар мэдээлж байна. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өгөх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)