
Нийслэлд 110 сургууль, 180 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд 53 сургууль, цэцэрлэгийг их засварт оруулж байгаа. Засварын ажил өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн, одоогоор 30 хувьтай байгаа аж. Гэрээний дагуу ирэх сарын 20-25 гэхэд ажлаа дуусгах ёстой гэнэ. Мөн Японы засгийн газрын тусламжтайгаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хоёр сургууль ашиглалтад орсон байна. Түүнчлэн, 70 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийг буулгаж шинээр барьж байгаа аж. Үүгээр зогсохгүй Багануур дүүрэгт Дэлхийн банкны хөрөнгөөр 640 хүүхдийн суудалтай сургууль барьж эхэлжээ. Тэгэхээр энэ жил найман сургууль, дөрвөн цэцэрлэг нэмэгдэх юм байна. Улмаар Дэлхийн банкны төслөөр 17 цэцэрлэг нэмж барихаар болсон бөгөөд энэ нь канад технологийн модон цэцэрлэг гэнэ. Эдгээрт 17 мянга орчим хүүхдийг авна гэсэн тооцоотой байгаа ч энэ жилдээ ашиглалтад оруулж амжихгүй аж. Одоогоор тендерийн ажил үргэлжилж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/