Өнөөдөр орой хучилтын ажил хийж байгаа Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх автозамын засвар дуусч, 23.00 цаг гэхэд нээгдэхээр болжээ. Харин үүнтэй зэрэгцээд Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг өнөөдөр орой 23.00 цагт хаахаар болсон байна. Энэ замыг “Наранбулаг-Хан” ХХК хоёр ээлжээр ажиллаж, 8-р сарын 17-ны өдрөөс өмнө нээхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм.
Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 11-нээс 14-н хүртэл хааж, замын хучилтын ажил хийнэ. Мөн энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ажилчны гудамжны уулзварыг хаахаар болсон. Тиймээс тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, “Дархан Минж” дэлгүүрийн өмнөх замаар ХӨСҮТ чиглэл, Гурвалжингийн гүүр болон Эрчим хүчний гудамж, “Хөсөг трейд”-ийн чиглэлд зорчих боломжгүйг анхаарна уу.



















































