
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар бороо үргэлжлэн орсноос томоохон гол мөрнүүд үерлээд байгаа. Энэ сарыг дуустал цаг агаарын төлөв ямар байх талаар Ус, цаг уур, орчны хурээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулав. "Энэ сарын 14-нд баруун аймгуудаар, 15,16-нд ихэнх нутгаар бороотой. Ялангуяа нутгийн төв хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо зүсэрч буюу үргэлжлэн орох төлөвтэй байна. Мөн 18, 19-нд баруун аймгаар, 19, 20, 21-нд төвийн болон эүүн аймгуудын нутгаар бороотой. Бороо хур ихтэй үед өдөртөө сэрүүхэн байх ч шөнөдөө их хүйтрэхгүй. Дээрх хоногуудад Завхан, Увс, Архангай, Баянхонгор аймгийн хойд тал, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 10-17, говь талын нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 23-28, бусад нутгаар шөнөдөө 8-14, өдөртөө 17- 22 градус дулаан байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч, тал хээрийн нутгаар секундэд 12-16 метрт хүрч болзошгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/