
БОНХЯ-наас энэ жил 15 аймгийн 90 гаруй сумын хоёр сая га талбайд тандалт хийгээд 121 мянган га талбайд заавал устгал хийх шаардлагатай хэмээн үзжээ. Үүний дагуу тавдугаар сараас эхлэн Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Увс аймаг болон нийслэлийн ногоон бүсэд хийж буй хортон шавьж устгал есдүгээр сард дуусна. Үүнд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт талбайн 70 гаруй хувьд устгал хийгээд байна. Завхан аймгийн Тэлмэн, Тосонцэнгэл, Сонгино, Архангайн Ихтамир, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр суманд онгоцоор Сибирийн хүр хорхойн хор цацаж байгаа бол Хөвсгөлийн Тариалан суманд энэ сарын 4-нөөс гэрлэн урхиар хортонтой тэмцэж байна. Ойн хортонг устгалгүй гурван жил болбол хорхойд идэгдсэн мод ургахаа больдог тул болж өгвөл жил бүр устгах шаардлагатай байдаг аж. Гэхдээ манай улс аль болохоор хор хэрэглэхээс татгалзаж, биологийн аргыг сонгодог болжээ. Энэ жил л гэхэд хортон устгах талбайн 50 хувьд физик-механикийн арга хэрэглэж байна. Хор цацсан ойгоос самар, жимс, мөөг, эмийн ургамал түүлгэхгүй аж. Түүсэн бол хэрэглэхгүй, худалдан борлуулахгүй байх ёстой аж.
24tsag.mn