
Үзэсгэлэн худалдаанд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 1000 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг 70 гаруй мянган айл өрх оролцоно. Энд дэлгэгдэх техник тоног төхөөрөмжүүдийн хувьд АНУ, Канад, ОХУ, БНХАУ, Итали, Польш, Беларус, Солонгос зэрэг улс орнуудын газар тариалангийн шилдэг техникүүд байх гэнэ. Түүнчлэн тэдгээр техникүүдийн ашиглалт болон засвар үйлчилгээний сургалтыг явуулах юм. Ингэхдээ Дархан-Уул аймаг дах Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээнлэнгийн туршилтын талбайд шинээр нэвтэрч байгаа техникүүдийг бодитоор ашиглаж үзүүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.
Мөн энэ үеэр манай улсад нутагшсан болон цаашид ургах ирээдүйтэй таримал ургамалын бүх сортуудыг танилцуулж, хүнсний бүтээгдэхүүн, шинэ ногооны үзэсгэлэн худалдаа давхар явагдана. Хүнсний бүтээгдэхүүн болон ногооны үзэсгэлэн худалдаанд хүнсний 20 үйлдвэр оролцож амталгаат худалдааг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр 500 орчим тариаланчдын дунд ургац хураалтын зөвлөгөөн зохион байгуулагдахаас гадна гурил үйлдвэрлэгчид, даатгалын байгууллагууд болон шатахуун импортлогчидтой уулзалт хийхээр төлөвлөжээ.