
Жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдөр Олон улсын залуучуудын өдөр тохиодог. Харин манай улсад наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Эдгээр өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагаа болон Монголын Залуучуудын хөгжил дэвшлийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар өнөөдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Тэрээр энэ сарын 12- 25-ны хооронд манайд залуучуудын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг цохон тэмдэглээд эдгээр өдрүүдэд залуучуудын хөгжлийн асуудлаар томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэлээ.
Тухайлбал ХАХНХЯ НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн хөгжлийн агентлагатай хамтран “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийг хэрэгжүүлэх бөгөөд 15 аймаг дүүрэгт Залуучуудын хөгжлийн төв байгуулахаар болжээ. Энэ төслийн нээлт болгож маргааш Дархан-Уул аймагт залуучуудын төв нээлтээ хийх юм байна. Мөн энэ жилийн хувьд залуучуудын өдрийг “Залуусын хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа аж.