
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хуулинд зааснаар эрсдэл гарсан тохиолдолд МХЕГ-аас эрсдэлийн үнэлгээг яаралтай хийж, үнэлгээндээ тулгуурлаж тухайн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Энэ дагуу эрсдлийн үнэлгээг МХЕГ-аас хийж эхэлжээ. Манай улсад тус үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг худалдаж байгаа эсэх, мөн нянгийн бохирдолтой бүтээгдэхүүн илэрсэн талаар бид мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа. Одоогоор МХЕГ-аас нэр бүхий 16 худалдааны байгууллагад хяналт шалгалт хийсэн байна. Дээрх худалдааны төвүүдэд хорт нянгийн бохирдолтой гэх бүтээгдэхүүн илрээгүй байна. Гэхдээ хяналт, шалгалтын ажил дуусаагүй байгаа бөгөөд үлдсэн худалдааны төвүүдэд шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Нийт 14 төрлийн хүүхдийн тэжээлээс дээж аваад лабороторийн шинжилгээнд өгөн шинжлүүлж байгаа бөгөөд шинжилгээний нэгдсэн дүн долоо хоногийн дараа гарна гэлээ. Үйлдвэрүүдээс ч мөн дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лаборторид шинжилгээнд хамруулаад байгаа аж.
Фонтерра компанийн хүүхдийн сүүн тэжээл бэлтгэдэг компанийн нэрийг дурдвал, БНХАУ-ын Dumex Baby, Wahaha хүнсний үйлдвэр, АНУ-ын Окланд мужийн Vitaco Healt групп, БНХАУ дахь Coco-Cola болон Frances Danone компанийн салбар үйлдвэрүүд, Шинэ Зеландын NZAgbiz малын тэжээлийн үйлдвэр зэрэг юм.
Анхааруулахад ард иргэд нян илэрсэн гэх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг авахгүй байх, гадуур зарагдаж байгаа тохиолдолд МХЕГ-т мэдээлэхийг санууллаа.
Гадны улсуудад илрээд буй ботулизм гэх энэ нян нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, булчин саажуулан улмаар амьсгал боосноор хүний эрүүл мэндэд асар муу нөлөө үзүүлдэг, үхлийн тохиолдол өндөртэй өвчин аж. Ботулизм нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй байх, булчин сулрах зэргэ эхний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна.
Т.Энхэлээ