Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Болгарын Софи хотноо эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Уг тэмцээнээс манай тамирчин Б.Номин мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Монголын бөхчүүдээс 60 кг-ын жинд өрсөлдсөн юм.
Б.Номингийн хувьд өчигдөр Египет, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын буюу мөнгөн медалийн төлөө АНУ-ын Марк Грейтэй хүч үзэн 9:2-оор ялсан байна. Ингээд Азербайжаны А.Гварзиталовтой алтан медалийн төлөө өрсөлдөж, 7:15 харьцаагаар ялагдан, мөнгөн медалийн эзэн боллоо.
ОУХМ Б.Номин нь бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай. тамирчин юм.
Харин манай бусад бөхчүүүд болох С.Бат-Амгалан /50 кг/, Б.Өлзийсайхан /74 кг/, Э.Төгөлдөр /96 кг/ нар эхний тойрогтоо ялагдсан байна. Тэмцээн өнөөдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.
Т.Энхэлээ



















































