БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм. Ийн ангилж байгаагийн шалтгаан нь хуучин хүүхдүүдээс явахгүй хүүхдүүдийн орон тоог тооцох зорилготой юм. Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулна. Цагаан хорхойн шинжилгээний тухайд цэцэрлэгт бүртгүүлсний дараа авах аж. Таны хүүхэд цагаан хорхойтой гарлаа ч орон тоог нь эмчлээд иртэл хадгалж байхаар зохицуулалт хийж байгаа юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ харъяа дүүргийн цэцэрлэгт бүртгүүлж байгаа бол ямар нэгэн хураамж, татвар төлөх шаардлагагүй гэж албаныхан хэлж байгаа юм. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, өөрсдийн иргэний үнэмлэхний хамтаар аваачиж өгөх аж.
Т.Энхэлээ



















































