Үндэсний статистикийн хорооноос томоохон
хүнсний захуудад үнийн судалгаа хийсэн байна. Судалгаагаар хонины ястай мах нэг килограмм нь
дунджаар 7525 төгрөг байжээ.
Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,3 хувь буюу
25 төгрөгөөр буурсан үзүүлэлт бөгөөд хонины цул махны үнэ тогтвортой байв.
Харин нэг килограмм үхрийн ястай мах дундажаар 8400 төгрөгийн үнэтэй байсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 71 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм байна. Үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Мөн захуудад хийсэн ажиглалтаар “ Хүчит шонхор”, “Хар хорин” хүнсний захад үхрийн ястай мах хамгийн хямд буюу 7500 төгрөг, хонины ястай мах 6300 төгрөг буюу бусад захуудаас хамгийн хямдаар худалдаалагдаж байв.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад төмс хүнсний ногооны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал нэг килограмм монгол лууван 111 төгрөгөөр, байцаа 50 төгрөгөөр, манжин 300 төгрөгөөр тус тус буурчээ.