Агаарын
бохирдлыг бууруулах үндэсний хорооны өчигдөр
болсон хуралдаанаар түүхий нүүрсний хэрэглээг нь хязгаарласан айл өрхүүдэд өгөх
шахмал түлшний асуудлаар хэлэлцлээ.
Өнгөрсөн онд түүхий нүүрсний хэрэглээг нь хязгаарласан нийт айл өрхүүдэд 32 мянган тонн шахмал түлш шаардлагатай байсан ч үүний найман тонныг л нийлүүлсэн байна. Энэ нь ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр одоо болтол ашиглалтад ороогүй дээр нь одоо ажиллаж байгаа шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаатай холбоотой гэнэ.
Улаанбаатар хот жилдээ 800 мянган тонн түлш хэрэглэдэг. Төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш яах аргагүй үртсэн шахмал түлш. Гэтэл энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй байгаа аж.
Нийслэлийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилдээ дөнгөж наймхан мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэхэд манай улсад мод боловсруулах үйлдвэр цөөн учраас түүхий эд болох үртсээр хангах боломжгүй. ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр тусдаг. Тэдгээр хотуудаас авсан нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг, үүгээр зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авсан тохиолдолд Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна.
Энэ асуудалд хангайн бүсийн ойгоос унанги модыг зохион байгуулалттайгаар бэлтгэж чадвал үртэс, түлшний модны хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж чадна гэсэн санал гарч түүнийг нь дэмжиж ажлаа түргэвчлэхийг үүрэг болгосон юм. Мөн хуралдааны төгсгөлд түлшний үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах, ДЦС-2 ТӨХК шахмал түлш нийлүүлэх зэрэг ажлуудаа яаралтай хийхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)