Өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийлээ. Тухайлбал энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу
цэцэрлэгүүдэд 192 орчим мянган хүүхэд суралцах тооцоо гарчээ. Үүнээс 134 мянга гаруй нь төрийн өмчийн
цэцэрлэгт, 25 мянган хүүхэд хувийн цэцэрлэгт, үлдсэн 32 мянга орчим хүүхэд нь
хувилбарт сургалтанд хамрагдана. Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 66 хувьтай байгаа бөгөөд шахсан тоогоор нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 70 орчим хувийг л цэцэрлэгт хамруулж байгаа аж. Энэ асуудлаар БШУЯ-наас Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал 89 бага сургууль, цэцэрлэгийн комплекс барих шийдвэрт хүрсэн ч энэ асуудал концевцын хуулийн дагуу шийдэгдэхээр болжээ. Үүний дагуу энэ долоо хоногт ЭЗХЯ БШУЯ НЗТГ зэргийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллах гэнэ. Одоогоор нийслэлд 45 хороо сургууль цэцэрлэггүй. Тиймээс сургууль цэцэрлэгийн комплексийг эхний ээлжинд дээрх хороодод барьж байгуулахаар төлөвлөжээ.
Улсын төсвөөр энэ жил шинээр 32 цэцэрлэг ашиглалтанд оруулж байгаа бол Дэлхийн банкны санхүүжилтээр 25 цэцэрлэг ашиглалтанд оруулна. Нийт 57 төрийн өмчийн цэцэрлэг шинээр ашиглалтанд орно.
Түүнчлэн энэ жил нийслэлд 103 хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсчээ. Үүнээс 53 цэцэрлэг зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлэхээр болсон байна. Үлдсэн 50 цэцэрлэгийн хувьд хэт өндөр шаардлага тавилгүйгээр зөвшөөрөл олгох ажлыг уян хатан явуулаач гэсэн хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад тавиад байгаа аж. Хэрэв эдгээр 103 цэцэрлэг бүгд зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл 10 мянган хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. БШУЯ-наас энэ жилийн хувьд цэцэрлэгүүдийн хүртээмжийг 66 хувиас 77 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж.



















































