
Нийслэлийг зорих оюутны урсгал ихэсч байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Авто тээврийн үндэсний төв Улсын төсөвт үйлдвэрийн газар нь хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааны хяналтыг зохицуулж зохион байгуулж ажилладаг. Тиймээс чиг үүргийнхээ хүрээнд нийтийн тээвэрт гарч байгаа техникийн эвдрэл саатал болон осол аваараас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, таван чиглэлд 24 цагийн буюу өдөр тутамд хот хоорондын нийтийн тээвэрт хяналт тавьж байна. Шалгалтаар орон нутгаас Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа чиглэлүүдийн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах ажил хийгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2270 тээврийн хэрэгслүүд шалгагдаад байгаа гэнэ. Үүнээс зөрчил гаргасан буюу хууль бус хувиараа хүн тээвэр хийсэн 521, газар дээр нь арилгуулсан 294, торгууль шийтгэлээр 220 зөрчил илрүүлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/