Өнөөдөр Улаанбаатар хотын цэцэрлэгүүд шинэ хүүхдүүдээ бүртгэж эхлээд
байна. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгүүд хуучин хүүхдүүдээ авсан тул
хэл, амгүй өнгөрсөн. Хотын захын цэцэрлэгүүд хуучин хүүдүүдээ аваад анги дүүрсэн гэсэн
шалтгаанаар тун цөөн хүүхэд өнөөдөр бүртгэж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын цэцэрлэгүүд шинэ хүүхдүүдээ бүртгэж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгүүд хуучин хүүхдүүдээ авсан тул хэл, амгүй өнгөрсөн. Харин нийслэлийн удирдлагуудын амласнаар өмнө нь цэцэрлэгт явж чаддаггүй байсан бүх хүүхдүүд энэ жил хамрагдаж чадах уу гэдэг асуултаар эцэг, эхчүүд тэдний амыг асууж эхлээд байна. Учир нь хотын захын цэцэрлэгүүд хуучин хүүдүүдээ аваад анги дүүрсэн гэсэн шалтгаанаар тун цөөн хүүхэд өнөөдөр бүртгэж байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэг гэхэд өнгөрсөн долоо хоногт хуучин хүүхдүүдээ авсан тул өнөөдөр 33 хүүхэд л авахаар болсон байна. Мөн Шархадны эцэст байрлах 167-р цэцэрлэг шинээр 10 хүүхэд л авна гэж эцэг, эхчүүдэд мэдэгджээ. Ийм цөөхөн хүүхэд авах тул 167-р цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн хүмүүс энэ сарын 18 буюу ес хоногийн өмнөөс дугаарлаж эхэлсэн байна. Цэцэрлэгийн үүдэнд өдөр, шөнөгүй ээлжлэн зогсож байгаа хүмүүсийн ихэнхи нь эмээ, өвөө нар бөгөөд машинтай нэг нь машин дотроо хонож, машингүй нь гадаа суугаагаараа хонож өнөөдрийг хүрчээ.
Дээр дурдсан Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэгт ч мөн адил ийм дүр зураг үзэгдэнэ. Эцэг эхчүүд 17-ноос дугаарлаж эхлээд даруй 10 хоножээ. Энэ цэцэрлэгт 5 настай хүүхэд 6-г, гурван настай хүүхэд 4-ийг, хоёр настай хүүхэд мөн 4-ийг бүртгэж байгаа аж. Харин дөрвөн настай хүүхдийн орон тоо огт байхгүй тул энэ харьяаны цэцэрлэгт явж байгаагүй дөрвөн настангууд мөн л гэртээ үлдэх болж байна.

Харин зарим цэцэрлэгүүд өнгөрсөн жилээс бага тооны шинэ хүүхэд бүртгэж байгаа нь эцэг эхчүүдэд хардлага төрүүлж эхэлжээ. “Шинэ хүүхдүүдээ бүртгэхээс өмнө “арын хаалга”-ны хэдээ авсан тул анги нь дүүрээд өнөөдөр цөөхөн хүүхэд авч байгаагаас гарцаагүй” гэж хардах хүн ч байна. Тэгвэл “Мөнгө төгрөг өгье гээд ч хүүхдээ оруулж чадсангүй” гэх эцэг, эх мэр сэр тааралдаж байна. Энэ жил нийслэлийн удирдлагууд, БШУ-ны яамнаас цэцэрлэгт явах хүүхдийн тоог нэмнэ гэсэн ч анги дүүргэлтээс болж юу ч өөрлөгдсөнгүй. Шинээр олон цэцэрлэг барьж чадаагүй хойно хаанаа ч шингээх билээ? Харин өмнө нь харьяаллын асуудлаас болоод хүүхдээ цэцэрлэгт явуулж чаддагүй байсан мөн багш, эрхлэгч нарын гарт хэдэн төгрөг атгуулж чаддаггүй байсан эцэг, эхчүүдийн хоосон горьдлого нь ийнхүү талаар болж байна.
Жилийн жилд хүүхдээ гэртээ өнжүүлдэг эцэг, эхчүүд ямар сайндаа Ерөнхийлөгчийн амласан хүүхэд харах хүнд цалин өгдөг хууль нь хурдан батлагдаасай хэмээн мөрөөдөж суухав дээ.
Сэтгэгдэл (1)