“Оюутолгой” ХК-ын далд уурхайн хөрөнгө оруулалт зогсож тус компани 61 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан. Энэ асуудлаар тус компанийн үйлдвэрчний хороо компанийн удирдлагуудаасаа дээрх 61 хүнийг өөр хэлтэс салбар нэгжүүдэд шилжүүлэх хэрэв далд уурхайн үйл ажиллагаа бүрмөсөн зогсоогүй бол сул зогсолтын нөхөн олговор олгох зэргийг шаардсан юм. Шаардлагын хариуд ямар шийдвэрт хүрснийг “Оюутолгой” компанийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Эрдэнэбаяраас тодруулахад “ Бидний хүргүүлсэн шаардлагын дагуу өөр ажилд шилжүүлэхийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр хүмүүс ажил мэргэжлийн хувьд ямар ажилд тэнцэх вэ, хааш нь яаж шилжүүлбэл болохоор байгааг судлах зорилготой юм. Ажлын хэсэг байгуулагдаад нэг хүнийг өөр ажилд шилжүүлсэн, нэг ажилчинд өгсөн мэдэгдлээ цуцалсан. Дөрвөн хүний асуудлыг он гартал хойшлуулсан гэсэн нааштай үр дүн гарч байгаа. Ер нь цаашдаа бусад хүмүүсийг ч гэсэн шилжүүлэх байх. Ажлын хэсэг энэ долоо хоногт албан ёсоор манай үйлдвэрчний эвлэлд мэдээлэл өгнө” гэлээ.
Мөн тус компани цомхотголд орсон хүмүүсийн ажлаас халагдсаны тэтгэмжийг хэдэн сараар тогтоохоо ирэх долоо хоногт Үйлдвэрчний хороотойгоо хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Харин мэдэгдэл авсан ажилчид далд уурхайд эргэн ажиллах хүртэл сул зогсолтын олговор авах хүсэлтэй байгаа аж.



















































