Шинээр баригдах Тавдугаар дулааны цахилгаан станц (ДЦС-5)-ийг Улаанбаатар хотноо барьж байгуулах, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концесын тендерт Ньюком ХХК ялжээ. Тендерт оролцож шалгарсан энэхүү түншлэлийг дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч групп болох Францын Жи Ди Эф Суэз, Японы тэргүүлэх 6 том худалдааны корпорациудын нэг Сожитц, дэлхийн томоохон гангийн үйлдвэрлэгч БНСУ-ын Поско группын Эрчим хүчний салбарыг хариуцдаг Поско Энержи болон Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станцыг энэ онд ашиглалтанд оруулан амжилттай ажиллуулж буй Ньюком ХХК хамтран бүрдүүлжээ. Нийт 450 МВт суурилагдсан хүчин чадалтай энэхүү ДЦС нь эрчим хүчний
хэмнэлттэй эргэлдэгч буцламтгай шаталтат технологийг ашиглана гэж
гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна. Ингэснээр эрчим хүчний нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөхгүйгээр бага түлш зарцуулан хүхрийн давхар исэл, азотын исэл болон бусад хорт бодисын ялгаруулалтыг одоогийн ДЦС-тай харьцуулахад асар ихээр бууруулах юм байна. Өчигдөр Ньюком ХХК болон Эдийн Засгийн Хөгжлийн яам болон Эрчим Хүчний яамдууд тус түншлэлтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэ үеэр одоогийн ДЦС-уудын тоног төхөөрөмж, технологи хуучирч элэгдсэн байгаа энэ үед ДЦС-5-ийг барьж байгуулах нь хурдтай өсөж буй Монголын эдийн засагт найдвартай, үр ашигтай эрчим хүчийг нийлүүлэх онцгой ач холбогдолтой гэдгийг дурджээ . Уг ДЦС-5 нь 2017 онд ашиглалтад орох юм.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)