Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын хурлаар авч хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт хууль зөрчин газар эзэмшсэн зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гардаг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, байшин барилга барьсан, үнэлгээ, дүгнэлт авалгүй гүйцэтгэсэн, Ойн санд орох орц, гарцыг хааж хашаа барьсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ. Газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчлийг тухай бүрт нь арилгасан бол шийдвэрлэх боломжгүй нийслэл, дүүргийн Засаг даргын олгосон газрын гэрчилгээ, хууль бус зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2 340, Сүхбаатар дүүрэгт 1 090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172, нийтдээ хууль зөрчин олгосон 4 052 газар байна. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ихээхэн хохирол учирч болзошгүй. Нөгөөтэйгүүр зуслангийн амуудыг эрх мэдэлтэй цөөн тооны хүмүүс бүхэлд нь эзэмшиж байгаагаас гадна хяналт шалгалтынхныг очиход том хашаа хатгаж, нохой тавьсан байдалтай байсан. Ингэхээр хөрөнгөтэй хүн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бүхэл бүтэн нийслэл хотын ногоон бүсэд халдаж байгааг нэн яаралтай зохицуулах нөхцөл байдал үүсээд байна. Хууль бус газар олголт нь гэр хорооллын замбараагүй тэлэлтийг ихэсгэх, ногоон бүсийг гэр хороолол болгох эрсдлийг үүсгэж байна” гэлээ.
Шалгалтын хэсгийн танилцуулга, дүгнэлтийг хэлэлцэж, хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин олгосон 4 052 газрын эзэмших эрхийг цуцалж, цаашид нийслэлийн ногоон бүсэд газар олгохгүй байх, хэрэв газар олгосон тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай захирамжийг гаргахаар тогтлоо.
24tsag.mn



















































