“Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд өнгөрсөн долдугаар сараас эхлэн туршилтын журмаар 23.00-05.00 цаг хүртэл хоёр чиглэлд дөрвөн троллейбус иргэдэд үйлчилж эхэлсэн. Энэ туршилт хүйтний улирал эхэлтэл хэрэгжих бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг үр дүнгээс нь хамааран Хотын захиргаа шийдэх юм. Уг төслийн үр дүн одоогийн байдлаар ямархуу байгааг Нийтийн тээврийн газрын Нийтийн тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодруулахад “Одоохондоо хангалттай хэмжээнд зорчигч үйлчлүүлэхгүй байгаа. Гэхдээ 7-9 дүгээр саруудад нийслэлийн иргэд ихэнх нь амарчихдаг. Тиймээс туршилтын хугацаа амралтаар таарсан учир хангалттай зорчигч үйлчлүүлээгүй байх. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Мөн ээлжийн амралтаа авсан хүмүүс ажилдаа орчихоор үр дүн арай өөр болох байх гэж найдаж байгаа” гэлээ.
Дашрамд дуулгахад шөнийн троллейбусууд нь Ханын материал – Офицеруудын ордон – Ботаник, III,IV хороолол – БММЗ гэсэн хоёр чиглэлд үйлчилж байна. Туршилтын хугацаанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай явах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулжээ. Мөн үүгээр үйлчлүүлэх том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.


















































