Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд оюутнууд тангарга өргөдөг уламлалтай болсон билээ. Монголын оюутны холбооноос "Оюутны тангаргын баяр" өдөрлөгийг есдүгээр сарын хоёрны өдөр буюу ирэх даваа гарагт гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тангаргийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарын хүмүүс оролцох бөгөөд оюутны талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулах, оюутны хөнгөлөлт, тэтгэлэг, тэтгэмжийг сурталчлах, шинэ оюутан тангараг өргөх ёслол болно. Уг ёслол Чингисийн талбайд болох юм.


















































