Увс аймгийн Тэс суманд өчигдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо. Учир нь энэ сарын 24-ны өглөө тус сумын иргэн Ц гэгчийн өндөр халуурч бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гоц халдварт боом өвчны халдвар авсан нь тогтоогджээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэхээсээ хэд хоногийн өмнө адуугаа төхөөрч махыг нь аймгийн төв буюу Улаангомд аваачин зарж борлуулснаас гадна заримыг нь хиамны цехэд тушаасан байна. Харин өөрөө адууны шир өвчиж байгаад боомын халдвар авсан бололтой. Түүний биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд цаг алдаж эмнэлэгт хандсан нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг тус аймгийн эмч нар хэлж байгаа юм.
Энэ хэргийн улмаас тус аймгийн Цагдаагийн хэлтэс боомын халдвартай байж болох адууны махыг худалдаж авсан, цааш жижиглэн борлуулсан иргэд болон хиамны цехийг шалгаж эхэлсэн гэнэ.
Мөн дээрх суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн хүрээнд золбин нохдыг устгаж, салаа туурайтай малыг вакцинжуулж эхэлсэн бөгөөд тухайн адууг нядалсан газраас адууны цус, ялгадасны дээж авч, аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.


















































