Манай оронд Мянганы сорилтын сангаас таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ үеэр тэд Мэргэжлийн боловсролын байгууллагуудад жижиг оврын автобус бэлэглэсэн юм. Ингэхдээ Мэдээлэл аргазүйн үндэсний төв, Бүсийн арга зүйн зургаан төв болон салбарын жишиг сургуулиуд гээд нийтдээ 10 сургууль бага оврын автобустай болжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ “Мянганы сорилтын сангаас мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт Хөдөлмөрийн яамны нуруун дээрээс ихээхэн ачааг хөнгөлж байлаа. Өдгөө энэ төсөл хаалтын үйл ажиллагаагаа хийж байгаа нь харамсалтай хэдий ч цаашид манай улсыг дэлхий дахинд сурталчлах бас нэг үүд нээгдэж байгаад итгэлтэй байна. Та бүхэн минь манай улсын талаарх мэдээллийг гадны орны томоохон хөрөнгө оруулагчдад хүргээрэй. Төслийнхөө хаалт болгож манай МБСБ-уудад бага оврын автобус бэлэглэж байгаад талархаж байна” гэсэн юм.
Сонирхуулахад өнгөрсөн таван жилийн хугацаанд дээрх сангаас мэргэжлийн боловсрол олгох сургалтын төслөөр энэ салбарт нийт хөрөнгө оруулалтынхаа 60-аад хувийг буюу 30 сая ам.долларыг зарцуулсан байдаг.



















































