Нийслэл хотод таксины зогсоол барих ажил үргэлжилж байна. Уг ажлыг “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд нийт 12 байршилд таксины зогсоол байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сентрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банкны /103-ын уулзварын урд/ таксины зогсоол бэлэн болоод байгаа аж. Харин Төв номын сангийн таксины зогсоол одоогийн байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй байна.Замын цагдаагийн газраас таксины зогсоолуудыг бүрэн хийгдэж дууссаны дараа стандартын шаардлага хангасан таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах юм байна. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт таксийн 5 зогсоолын байршлын саналыг хүргүүлэн Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралд танилцуулсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гарч, газрын асуудал шийдвэрлэгдсэн. Өнөөдрийн байдлаар таван таксины зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Үүнд: Жаргалант үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төврүү чиглэсэн хэсгүүдэд тус тус таксины зогсоол байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн 2014 онд 5 байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд эдгээр зогсоол байгуулах хөрөнгийг төсөвт тусгуулан ажлыг хийж гүйцэтгэх аж.



















































