Нийслэлийн тээврийн газраас такси тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахтай холбогдуулан такси уйлчилгээний компаниудыг шалгажээ. Ингэхэд, Энхтайваны өргөн чөлөөнд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээг явуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн авто тээврийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн замын цагдаагийн газар зэрэг холбогдох албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад 11 байгууллагын 315 такси хамрагдахад 1000 гаруй зөрчил илэрлээ. Шалгалтад хамрагдсан 11 байгууллагаас нэг л компани стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлж байсан байна. Шалгалтын явцад жолооч нар мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, таксиметргүй, шуурхай холбооны хэрэгсэлгүй, такси үйлчилгээний ялгарах тэмдэг тэмдэглэгээгүй, гэрэл дохио бүрэн бус зэрэг зөрчил илэрчээ.Ямартаа ч одоогоор такси компаниудад зөрчлөө арилгах албан шаардлага өгсөн байна. Тиймээс удахгүй гүйцэтгэлийн шалгалтыг хийх аж. Шалгалтанд тэнцсэн ганц компани бол “Си ай эм эй эн” гэх компани аж. Тэгэхээр эдний таксинууд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































