Энэ жил манай улс 407 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс 276.6 мянган га талбайд буудай, 15.1 мянган га талбайд төмс, 7.6 мянган га талбайд хүнсний ногоо, 79.4 мянган га талбайд тосны ургамал, 11.9 мянган га талбайд тэжээлийн ургамал тариад байгаа. Өчигдөр гарсан ургац хураалтын урьдчилсан баланс дүнгээр улсын хэмжээнд 404 мянган тонн буудай, 210 орчим мянган тонн төмс, 103 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авах боломжтой юм байна. Түүнчлэн энэ жил бороо хур их орсонтой холбогдуулан Сэлэнгэ, Булган, Архангай аймагт 2871 га талбайн ургац мөндөрт цохиулсан гэсэн мэдээ байгаа юмҮХААЯ-ны Үр тарианы үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Одонхүүгээс ургац хураалтын ажлын явц ямар байгаа талаар тодруулахад "Орон нутагт ургац хураалтын бэлтгэл ажил хийж байна. Техник засварын ажил 90 орчим хувьтай байгаа. Өнгөрсөн тав, зургаадугаар саруудад нийт нутгаар сэрүүсэж, долоо, наймдугаар саруудад бороо үргэлжлэн орсны улмаас тарианы таримлын болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байна. Нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Үүнээс болж ургац хураалтын ажил бидний төлөвлөж байсан хугацаанаас 5-7 хоногоор хожуу эхлэхээр байгаа юм. Мөн аймгуудын судалгаанаас харахад есдүгээр сарын 5-ны өдөр гэхэд хураалтын ажил эхэлнэ. Техникийн хүчин чадлаасаа хамаараад есдүгээр сарын 20-ны өдөр гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах боломжтой" гэлээ.



















































