
ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж таксины үнийг нэмэх тухай мэдэгдсэн бөгөөд өөр хэдэн асуудлыг ч ярьсан юм. Тухайлбал байрны лифтэнд шалгалт хий, дотоодын нислэг гэх мэт зүйлийг ярьлаа. О.Магнай дарга хэлэхдээ " өмнө нь бүхэл доллар нэг ханштай, задгай доллар нэг өөр ханштай байсан бол бүх банк санхүүгийн байгууллагууд бүхэл задгай хамаагүй бүгдийг нь нэг ханшаар авч зардаг болсон байгаа. Бид энэ ажлын өнгөрсөн оны 11, 12 дугаар сараас эхлүүлсэн. Тухай бүрт нь аралжааны банкууд шийдэж өгөхгүй асуудлыг нэлээн удаасан. Ингээд өнгөрсөн долоо хоногт энэ нь ажил боллоо. Өөрөөр хэлбэл манай улсад доллар задгай бүхлээсээ үл хамаараад бүгдээрээ нэг ханштай болсон. Хоёрдугаар, онгоцны билетийн асуудал байгаа. Дотоодын нислэг урьд нь тухайн зорчиг билет аваад буцаахад 25-50 хувийн торгууль төлдөг байсан. Одоо бол 24 цагаас өмнө билетээ буцаах асуудлаа хэлэхэд нэг ч төгрөгний торгууль төлөхгүйгээр мөнгөө буцааж авах боломж бололцоог бүрдүүлж өгсөн. Үүнийг манай дотоодын нисэхийн компаниуд бүгд зөвшөөрөөд хэрэгжиж эхэлсэн.
Түүнчлэн Монгол Улсад 3000 орчим лифт байна. Үүнийг хянадаг, шалгадаг байгууллага байгаагүй. Өнөөдөр бид Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтраад бүх лифтийг жилд нэг удаа заавал шалгадаг шинэ журамд шилжиж байгаа. Бидний шалгасан лифт болгон дээр “файз” хадагдана. Файзан дээр тухайн лифтийг шалгасан он сар, дуусах өдөртэйгээ бичигдсэн байна. Дуусах он сар нэг жилийн хугацаатай байна гэсэн үг. Ямартаа ч улсын хэмжээнд байгаа 3000 лифтийг 11 сарын 15 гэхэд шалгаж дуусна. Манай ажлын хэсэг Баянзүрх дүүрэг, Төрийн ордон гээд томоохон зочид буудлаадаар явж шалгалт хийж файзаа нааж эхэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/