Уржигдархан 600 байсан такси өчигдөр орой гэнэтхэн 1500 болно гэсэн мэдээллийг ШӨТХГ-аас хийлээ. Таксины жолооч нар О.Магнай дарга эхний 1 км-таа 1500 тэгээд дараагийн км-уудад 1000 аар явах шийдвэр гаргасан гээд хөдөлж өгөхөө болив. Яарсан ажил ихтэй хүмүүс хараал, ерөөл урсган таксигаа барьж л байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Таксинууд 1 км тутам нь 5 төгрөгний алдагдалтай ажилладаг. Тэгэхээр таксины салбараа дэмжих үүднээс бид таксины үнийг нэмэхээс өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байна. Тэр ШӨХТГ-ын дарга биш такси компанийн эзэн шиг л тэдний эрх ашгийг хамгаалан ярьж байх юм. Уг нь такси компаний биш ард түмний эрх ашгийг хамгаал гэж л дарга болгосон байлгүй дээ. Үнэндээ бол такси ашигтай болоод л хувь хүмүүс хүртэл яваад амьдралаа залгуулаад болоод л ирсэн.
О.Магнай таксины үнийг нэмсэнээс гадна жирийн иргэн халтуур хийж болохгүй болов. Зөвхөн такси компаний нэр дээр байгаа хүмүүс л иргэдэд үйлчлэх аж. Нарийн судалгаа байхгүй ч гэсэн Улаанбаатарт 30.000 орчим “халтуурчид” бий гэсэн мэдээлэл цацагдав. Хэрэв энэ үнэн бол мөрөөрөө ажил хийгээд, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй амьдралаа залгуулж ирсэн 30.000 иргэнийг ажилгүй болгож байна гэсэн үг. Тэдний цаана гэр бүл үр хүүхэд, тусалж дэмждэг ах дүү хамаатан саданг нь тоолвол талийж өгнө.
Ард түмний эсэргүүцэл бухимдлаас болоод О.Магнай үнэ нэмнэ гэсэн нь эцсийн шийдвэр биш гэж өчигдөр орой яаран сандран байгууллагынхаа өмнөөс мэдэгдэл гаргуулав. Өнгөрсөөн гэж нэг үг бий. Одоо үнээ буулгая гэж дахин мэдэгдээд ч такси компанийхан үнээ буулгахгүй. Шинэ тогтоосон үнэн дээрээ үлдэнэ. О.Магнай ямар Улаанбаатарт хувиараа тээвэр хийж байгаа хүн бүрийг нарийн шалгах биш дээ.
Олон нийтийг хүнд байдалд хүргэсэн О.Магнай даргатай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар гэсэн гоё нэртэй энэ байгууллага Үнэ тогтоох улсын комиссыг санагдуулах боллоо. Уг нь бид үнэ тогтоодог байсан системээс салах гэж хичнээн жил зовлоо доо. Одоо эргээд тэр системдээ эргэн ирж байна. Хамгийн шоглоомтой нь ардчилал, хэрэглэгчдийн эрх ашиг, шударга ёс ярьдаг хүн нь ийм системийг байгуулж үнийг дураараа тогтоох гэж оролдох болов. Тэгэхээр үнийг зах зээл тогтооно гэдэг худлаа болов. Харин О.Магнай дарга тогтоодог шинэ жишиг үүслээ дээ. Тиймээс О.Магнайд Үнэ тогтоох улсын комиссын дарга биш шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ өсөхөөс сэргийлдэг газрын дарга гэдэгийг нь сануулаад өгөх хүн хэрэгтэй болов. Гэхдээ бид таксины үнэ нэмэгдлээ гэж өнгөрсөн хойно нь гоншигнох хэрэггүй. Яагаад гэвэл бид ийм зүйлийг хүсч сонголтоо хийсэн. Одоо сонголтондоо хүндэтгэлтэй хандаж дарга нарынхаа шийдвэрийг хэрэгжүүлцгээе!




















































Сэтгэгдэл (47)