
Хичээлийн шинэ жил хаяанд ирээд байна. Эдгээр өдрүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хаа сайгүй өрнөж байна. Багануур дүүргийн хувьд хичээлийн шинэ жилийн нээлтийг “Амжилтаа ахиулъя” уриан дор 9 дүгээр сарын нэгний өдөр Д.Нацагдоржийн төв талбайд өглөөний 08.00 цагаас хийхээр төлөвлөж байна. Нээлтэд дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон бусад удирдлагууд оролцохоос гадна авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулна. Ингэхдээ дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ЕБС,СӨБ-ууд нэгдсэн байдлаар хийх бөгөөд одоогоор бэлтгэл ажил хангагдаж байна. 8 цагт хичээлийн шинэ жилийн нээлт болох бол 9.00 – 9.40-т “Монголын Нууц товчоо” хичээлийг заах юм байна. Харин өдрийн 14 цагаас багш нарын бага хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын нэгэнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр хичээл заадаг уламжлалтай. Энэ жил “Хуулийн засаглалд хүүхдийн оролцоо” сэдвээр 10 цагаас хичээл заах юм байна.