Жил бүр “Фронтиер” компаниас зохион байгуулдаг" Invest Mongolia" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр "Чингис" зочид буудалд эхэллээ. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалтанд энэ жил 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Хурал өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дараах арван сэдвээр хэлэлцэх аж. Үүнд:-“Оюу Толгой” болон “Рио Тинто” хоорондын санхүүгийн төслийн үйл явц
-Нүүрсний салбар алдагдалтай байгаа энэ үед Тавантолгой компанийн нүүрс олборлолтын тухай
-Хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг хэлэлцэх, энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруудлагчдад хэр өгөөжтэй эсэх
-Монголын банкны систем болон засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авч чадах эсэх
-Эдийн засгийн өсөлт болон гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшын сулралын чиг хандлагыг яавал зогсоох
-Ерөнхий сайдын Япон дахь айлчлал ямар утга санаа агуулж байгаа талаар -Томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө
-8%-ийн зээлийн ачаар өсөж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ хэр удаан үргэлжлэх эсэх
-Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга
-Экологид ээлтэй Ногоон Монгол, цахим засаглал зэрэг удаан хүгацааны бодлогын тухай зэрэг сэдвүүд багтжээ.
Зохион байгуулагчдын хэлж буйгаар “Монгол төгрөг доллартай харьцах ханш 1600 болсон байгаа нь гадаад хөрөнгө оруулагчид монголоос хөрөнгөө татаж байгаагийн нэг илрэл юм. Засгийн газраас 2011 онд гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээ авч байсан. Гэтэл гадаадын улс орнууд хөрөнгө оруулалт татахыг ихээр хичээж байна. Монголчууд өөрсдийгөө эргэн тойрныхоо улсуудтай харьцуулж гадаад хөрөнгө орууулалт үнэхэээр хэрэгтэй юу гэдгийг бодох цаг нь болсон” гэлээ. Тэд цааш нь энэ чуулга уулзалт оролцохыг хүссэн хэн бүрт нээлттэй гэдгийг тэмдэглэсэн юм.
Сонирхуулахад “Фронтиер” компани нь анх 2012 онд байгуулагдсан бөгөөд брокер деллерийн үйл ажиллагаа явуулахаас гадна санхүүгийн зөвлөгөө өгдөг аж.



















































