
Энэ сарын эхний арав хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, ялангуяа уулархаг нутгаар агаарын хэм эрс сэрүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Сарын дундуур дулаарч, цаг агаар тогтворжих хэдий ч сарын сүүлээр уулархаг нутгаар эрс сэрүүсч, нойтон цас орно. Харин цаашид тогтмол дулаарах төлөвтэй байна. Тодруулбал өнөөдөр Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай аймгийн зүүн хэсэг, Дундговь аймгийн зарим газраар нөгөөдөр Хэнтий, Сүхбаатар болон Дорнод аймгийн хойд сумдаар дуу цахилгаантай бороо орж, агаарын хэм өдөртөө 9-14 градус байх бол шөнөдөө хасах 3 градус хүрч цочир хүйтрэх гэнэ. Энэ долоо хоногийн дунд болон сүүлээр Баянхонгор, Архангай, Завхан, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, агаарын температур өдөртөө 10-13 градус, шөнөдөө 2-5 градус дулаан байна. Булган, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгийн уулархаг нутгаар борооны үеэр салхи түр зуур ширүүсч секундэд 16-18 метрт хүрэх төлөв ажиглагдаж байна.
Харин хоёрдугаар арав хоногоос нийт нутгаар дулаарч Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай болон Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр өдөртөө 18-26, шөнөдөө 8-14 градус дулаан байх бол бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан бол, шөнөдөө 3 градус хүйтнээс 6 градус дулаан байх аж. Харин энэ сарын сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутаг буюу Хөвсгөл, Завхан, Увс аймгийн баруун хэсэг, Ховдын хойд хэсгээр өдөртөө 3-8 градус дулаан бол шөнөдөө 8-13 градус хүрч хүйтэрч нойтон цас орох аж.