
Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 800,0 сая төгрөг батлагдсан. Иймээс нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315122, УАЗ-22069 маркийн нийт 34 автомашиныг Баян-Өлгий, Ховд, Увс, Төв зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэг болон 31 сум болон сум дундын эрүүл мэндийн төвүүдэд олгож байгаа аж.
Уг арга хэмжээг Эрүүл мэндийн сайд нээж хэлсэн үгэндээ “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Энэхүү автомашины парк шинэчлэлт нь 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хугацаатай давхцаж буйгаараа онцлог болж байна. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” гэжээ.