
Өнгөрсөн жилийн намар 200 мянган төгрөг байсан дотуур байр нь энэ жил 500 мянган төгрөг болж нэмэгдсэнд оюутнууд бухимджээ. Мөн нэг кредит хичээлийн төлбөр 39 мянган төгрөг байсныг 44 мянган төгрөг болгосон нь ямар ч үндэслэлгүй гэв. Учир нь ШУТИС-ийн багш, захиргааны өрөөг сайтар тохижуулснаас хичээлийн байр, лабораторид дорвитой шинэчлэл хийгээгүй аж. "Бид нараас үүсгээгүй орчлон нөхцлийнхөө төлбөрийг нэхэж байна. Сүүлийн гурван жилд сургалтын төлбөр 46 хувиар нэмэгдсэн ч сургалтын орчинд өөрчлөлт гараагүй. Яагаад ингэж нэмснээ тайлбарлахыг шаардсан сургуулийн захирал нэг ч удаа бид нартай уулзаагүй. Уг нь ШУТИС-ийн ТУЗ-д Оюутны холбоо багтдаг байсан ч одоо хуралд нь суух эрхгүй болсон. Ийм шийдвэр гарсан гэдгийг сонсоод л бид хөдөлж эхэлж байгаа нь энэ. БШУ-ны яаманд энэ асуудлаар 21 хоногийн өмнө албан бичиг хүргүүлсэн ч мөн л хариу өгөөгүй байгаа. Тиймээс бид Нийслэлийн захиргааны шүүхэд өргөдөл өгөхөөр бэлдэж байна" гэлээ.
Хэрэв оюутнуудтай уулзаж, төлбөрийн тал дээр саналыг нь авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж суулт хийх юм байна.