
Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, төлөөлөгч Э.Ганбат, Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон Солонгос улсын төлөөлөл, “Монгол Ус” ТӨҮГ-ын хамт олон 58 дугаар сургуулийн багш, сурагчид оролцсон юм.
Уг ус цэвэршүүлэх систем нь хоногт 24 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, усан дахь бактерийн бохирдол болон магнийн хатуулгийг бууруулах зорилготой хлоржуулах станц, элсэн шүүлтүүр, хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч зэрэг үндсэн төхөөрөмжүүдтэй юм. Төвлөрсөн системд холбогдоогүй гэр хороололд үйлчилгээний төв, сургууль цэцэрлэг, хоолны газрууд үйл ажиллагаа явуулахын хэрээр бохир ус хөрсөөр дамжин гүний усанд орсноор газрын доорх ундны усны эх үүсвэрийг маш их хэмжээгээр бохирдуулдаг байна. Тиймээс энэхүү ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулснаар тус сургуулийн багш ажилчид, сурагчид цэвэр усаар хангагдаж байгаа юм. Цаашид олон газар уг төслийг хэрэгжүүлэхээр “Монгол Ус” ТӨҮГ, БНСУ-ын багтай хамтран ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.