Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр маргааш тохионо. Монголын барилгачид энэ өдөр "Барилгачдын талбай" дээр цуглан баяраа тэмдэглэх аж. Мөн ойн баярын хүрээнд "Барилга эскпо 2013" үзэсгэлэн яармагийг зохион байгуулж, барилгын шилдэг топ 10 компанийг шалгаруулах гэнэ. Мөн барилгын цэргийн ангийн дэргэдэх "Мөнгөн харандаа" чуулгын тоглолт маргааш орой болох юм байна. Энэ жилийн баяр нь Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны нэг жилийн ойтой давхацаж байгаа бөгөөд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг баталж иргэдэд хөнгөлттэй үнээр орон сууц олгож байгаатай холбогдож буйгаараа онцлогтой аж. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 100 мянган айлын орон сууцны хөнгөлттэй зээлийн агуулга цар хүрээг шинэчилж өртөг зардлыг нь хувь хүний худалдан авах чадварт нь үндэслэн үнийг зоригтой тавьж байгаа хэмээн барилгын салбарынхан хэлж байна. Мөн энэ жилээс барилгын компаниуд хамтарч ажилладаг болсон байна. Тухайлбал барилгын 10 гаруй компани нэгдэн үндэсний корпараци болж "Буянт Ухаа" хорооллыг богино хугацаанд чанартай барьсан байна. Мөн бусад компаниуд нэгдэж 700 айлын орон сууцыг ч бариад байгаа аж. Цаашдаа ч барилгын компаниуд хамтарсан зохион байгуулалтаар ажиллах юм байна.
"Барилга экспо 2013" үзэсгэлэн яармаг маргааш Мишээл экспод эхлэнэ. Тус үзэсгэлэнд үндэсний 120 аж ахуй нэгж оролцож, Улаанбаатар хотод баригдаж байгаа 60 орчим орон сууцны талаар танилцуулах юм байна. Мөн орон сууц авах гэж буй иргэдэд хөнгөлөлттэй үнээр байр авах боломжийг олгохоос гадна барилгын материалын шинэ дэвшилтэд бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Үзэсгэлэнгийн үеэр Барилга.мн сэтгүүлийн тусгай дугаар үнэ төлбөргүй тараагдах гэнэ. Тус сэтгүүлээс сонирхож буй орон сууцныхаа талаарх бүхий л мэдээллийг авахаас гадна хөнгөлттэй зээлийн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой аж.
Т.Энхэлээ



















































