Өнөөдөр Хуульчдын анхдугаар их хуралдаан Төрийн ордонд 14.00 цагаас эхэлнэ. Тус хурал гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнгөрөгч онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, холбооны бүтэц, зохион байгуулалт зэргийг хэлэлцэн батлах аж. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хуульчийн эрх авсан 4500 гаруй хуульчийн дунд өнгөрөгч долоо хоногийн турш цахимаар санал хурааж, их хурлын төлөөлөгчдийг сонгосон билээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудсанд мэдээлснээр анхдугаар их хуралд нийт 500 төлөөлөгч сонгох байснаас 490-ийг нь сонгогдсонд тооцжээ.



















































