Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Эрэлч нохойн тасгийн дүрэм”-ийн хэрэгжилт, эрэлч нохойн хангалт, асаргаа, сургалт, ашиглалт, эрэлч нохойн ур чадварын байдал хариуцан ажиллаж буй гаалийн улсын байцаагч нарын хүртээмж, эрэлч нохойн хоол тэжээлийн хангамж, зарцуулалт зэрэг үйл ажиллагаанд дотоод аудит хийжээ. Аудитын явцад “Гаалийн хяналт шалгалтад эрэлч нохойг ашиглах заавар”-ын дагуу албаны эрэлч нохойг сургаж, гаалийн хяналт, шалгалтад ашигладаг боловч энэхүү зааврын хэрэгжилт хангалтгүй, мэргэшсэн байцаагч нар хүрэлцээгүй, албаны эрэлч нохойн хангалт, сургалтын материаллаг бааз тааруу, бэхжүүлэх, шинэчлэх ажил хийгдээгүй, нэгдсэн бүртгэл, судалгаа, тайлан бүрэн хийгддэггүй зэрэг зөрчил дутагдал илэрч, холбогдох дүгнэлт зөвлөмж гарсан байна. Аудитын тайланг ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд, эрэлч нохойг сургах, гаалийн хяналт шалгалтад ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар зэргийг шинэчлэн боловсруулах, эрэлч нохойн мэргэшүүлэх сургалтыг анхан, дунд, бүсчилсэн байдлаар явуулах, сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх, эрэлч нохойн тасгийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарч, ГЕГ-ын даргын тушаалаар Эрэлч нохойн тасгийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө батлагдаад хэрэгжиж байгаа аж.Багш нарын ур чадварт үнэлгээ өгчээ
Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу Сургалтын төвийн 2012 оны сургалтын үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, агуулга, хэрэгжилт, удирдлага зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ, шаардлага, багш нарын ур чадварт үнэлгээ өгөх зорилгоор дотоод аудитын шалгалтыг хийжээ. Дотоод аудитаас Сургалтын төвийн 2012 онд зохион байгуулсан сургалтууд нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургахад илүү чиглэгдэж гаалийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа тухай дүгнэлт гарч гаалийн ажилтныг давтан болон мэргэшүүлэн сургахад голлон анхаарах, хичээл заах багш нарыг дадлага туршлага, мэргэшлийн ур чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх, цаашид төвийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжүүд өгөгдсөн байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































