Монгол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд Хятад, Малайз, Сингапурт хүчээр хөдөлмөр эрхэлсэн, биеийг үнэлүүлсэн тохиолдол гарсаар байдаг. Мөн охид, эмэгтэйчүүдийг Макао, Гонконг болон Өмнөд Солонгост хүчээр биеийг нь үнэлүүлсэн байгаа. Үүгээр зогсохгүй массажны газруудад охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан ба зочид буудал, караоке клубууд, уурхай дээр ч охидын биеийг үнэлүүлэх асуудал эмзэг хэвээр байна. Мөн сүүлийн үед “залуу охидыг гадаадын циркүүдэд уран нугараачаар ажиллуулна” гэсэн зараар охидыг гадны улсад гаргачихаад албадан хөдөлмөрийн золиос болох эрсдэлтэй байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд охидыг уран нугаруулна гээд Солонгос аваачиж ширээний үйлчлэгч хийлгэсэн гашуун түүх бий.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Сайнжаргалаас тодруулахад " Тэд нарыг уран нугаралтын гэрээтэй авааччихаад ширээний үйлчлэгч хийлгэж, янз янзын байдлаар ажиллуулж байсан юм билээ. Тэгээд Элчин сайдын яамнаас тэдний энэ ажлыг нь таслан зогсоогоод, ажиллаж байсан газраас нь цалин мөнгийг нь авч өгсөн.
-Албадан хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсныг нь яаж мэдсэн юм бол?
-Охид өөрсдөө элчин сайдын яаманд хандаж байгаа байдлаа хэлсэн. Мөн цалин мөнгөө авч чадахгүй байна гэсэн. Тиймээс цалинг нь авч өгч, эндээс зуучилж аваачиж, хил гаргаад ширээний үйлчлэгч хийлгэж байсан А гэгч этгээдийг энд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа.
-Одоо тэр дөрвөн охин Монголдоо ирчихсэн байгаа юу?
-Үгүй. Тэд бидний визний хугацаа 11-р сард дуусна. Тийм болохоор эндээ үлдэж, өөр ажил төрөл хийж мөнгө олчихоод буцна. Тэгэхгүй бол энд ирээд хийсэн ч ажилгүй, олсон ч мөнгөгүй байна гэдгээ хэлээд үлдсэн байна билээ. Өөрсдөө үлдэнэ гээд байгаа хүмүүсийг яалтай ч билээ.
-Ирэх зардлын мөнгөгүй байсан юм болов уу?
-Тэд нарын хоёрынх нь зардал мөнгийг нь даагаад нутаг буцаах гээд бүгдийг нь бэлдчихсэн байтал үлдэнэ гэсэн хоёр охиноо дагаад үлдэж ажиллана гэсэн хариу хэлсэн юм билээ.
Ийн охид маань ч мөнгөний амтанд орж харийн нутагт ямар ч хамаагүй аргаар мөнгө олоод нутагтаа ирнэ гэдэг болжээ. Гэхдээ энд бүх уран нугараач охидыг хамруулж хэлэх нь зохимжгүй юм. Харийн нутагт очоод улсынхаа нэрийг гаргаад томоохон циркэд нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажлаад явж байгаа олон охин байгаа шүү дээ.




















































Сэтгэгдэл (2)