
Энэ өдөрлөгийн үеэр ХЭҮК-ын баг Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзан Аймгийн Прокурорын газартай хамтран Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байр, Захиргааны журмаар баривчлах байр, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцаж, аймгийн Засаг даргын сүүлийн 3 жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоол, захирамжууд хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхтэй танилцах юм. Түүнчлэн тус аймгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.
ХЭҮК-ын хүний эрхийн сургагч багш нар тус аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, мөн мэргэжлийн хяналт, бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамж зэрэг иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид, сум, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэдэд хүний эрхийн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа энэ арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрх, эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн энэ өдрүүдэд иргэд, олон нийт, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах юм.