
Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдаан Төрийн ордны Б танхимд болно. Түүнчлэн 10.00 цагт гадаадын хөрөнгө оруулагчдад бонд болон хөрөнгө оруулалтын талаар танилцуулах уулзалт Гадаад харилцааны яаманд болох аж.
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 17.00 цагт болохоор болжээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 11-нд буюу маргааш Япон улсад айлчлал хийхээр явах юм. Үүнээс өмнө Засгийн газрын хуралдааныг хийж, шийдвэрлэх асуудлаа тодорхой болгох юм. Ерөнхий сайдын хувьд энэ сарын 11-14-ний өдрүүдэд айлчлал хийнэ. Түүнийг ирэхээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 16-нд болох товтой байгаа.
-Өнөөдөр 11.00 цагт Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтсоны 22 жилийн ойд зориулан Солонгосын "Эс Жи Ай" байгууллагаас Үндэсний номын санд ном хандивлах ёслол болно. Тус байгууллагаас Үндэсний номын санд нэн тэргүүнд шаардлагатай байгаа гурван сая төгрөгний номыг хандивлах аж.
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр:
09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн уулын булшинд,
13:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно.
18:00 цагт Чингисийн талбай /хуучнаар Сүхбаатарын талбай/-д "Бясалгал флаш моб" бясалгалын арга хэмжээ болох юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Польш улсын Амбан Захирагчийг хүлээн авч уулзана. Үүний дараагаар Сөүл хотын Хот тохижилт ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн орлогчийг хүлээн авч уулзана.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны удирдлагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлан тавих гэж байна. Тэд өнөөдөр 12.00 цагт тус яамны Хаан танхимд хэвлэлийн бага хурал хийж, жилийн турш өөрийн салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлаа мэдээлэх ажээ.
Япон-Монголын төвд өнөөдөр Япон, Монголын залуу судлаачдын хоёр дахь форум эхлэх юм. Энэхүү форумыг Япон дахь Монголын түүх соёл судлалын нийгэмлэг болон МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын өнгөрсөн наймдугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр олон нийтэд мэдээлэх юм. Мэдээллийг Үндэсний статистикийн хороонд 11.00 цагт хийхээр болжээ.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Увс аймгийн Ойрад театрын уран бүтээлчид “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгээ нийслэлд тоглох гэж буйтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.