
Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үүднээс томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах талаар ярьж байгаа. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд “100 айл”-ын барилгын материалын худалдааны төвийг Налайх руу нүүлгэхээр болсон. Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас техникийн захуудыг хотоос нүүлгэх асуудлыг удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулж эхэлсэн байна. Ингэхдээ 22-ийн товчооны ойролцоо 70 орчим га газарт техникийн захыг байрлуулж, “Авто худалдааны төв” байгуулах саналыг гаргаж байгаа аж. Харин барилгын захуудыг Налайх руу нүүлгэхээр 110 га газрыг төлөвлөж, олгосон байна. Ингэж нүүлгэснээр хотын түгжрэлийг бага гэлтгүй шийднэ гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Одоо ямар цогцолбор байх вэ, дэд бүтцийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг холбогдох албаныхан хамтарч хэлэлцэнэ. Түүнчлэн худалдаа эрхлэгчдийнхээ саналыг үүнд тусгах аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)