Энэ жилийн улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд болон сурын харвааны эхний байрт шалгарсан харваачдаас сэргээш илрээгүй байна. Нийт 22 хүний авсан сэргээшийн шинжилгээний хариу БНСУ-аас өнгөрсөн баасан гарагт иржээ. Уг нь сорьцийг явуулсны дараа 14-30 хоногт шинжилгээний хариу ирэх ёстой байсан ч сар хагасын дараа ирж байгаа нь энэ юм. Учир нь наадмын дараа манай оронд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болсон. Энэ тэмцээний жин тус бүрийн шигшээд шалгарсан нийт 24 тамирчнаас сэргээшийн сорьцийг БНСУ-д явуулсан бөгөөд хоёр шинжилгээний хариуг нийтэд нь ирүүлэх үүднээс хүлээгдэж байжээ.




















































