Өнөөдөр 10.00 цагаас Мөрдөн байцаах алба үүсгэн байгуулагдсаны 67 жилийн ойн спортын арга хэмжээ Спортын төв ордонд болно. Улсын мөрдөн байцаах албаны 67 жилийн ой энэ онд тохиож буй. Өдгөөгөөс нэгэн жарны өмнө буюу 1940 оны гуравдугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн Улсын цагдан сэргийлэх газрын даргын тушаал гарч, “Цагдан сэргийлэх газар бол гэмт хэрэг үйлдэгчдийг дайчлан баривчлах, хорьж мөрдөх зэргээр байцаан нягтлах ажлыг явуулах, мөрдөн байцаах газар” хэмээн дурьдаж тус албаны үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг нь тодорхойлжээ. Улмаар Дотоод явдлын яамны сайдын 1946 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харъяанд Мөрдөн байцаах группыг байгуулж, даргаар нь Д.Дуламсүрэнг томилсноор шинэ цагийн Мөрдөн байцаах албаны түүх эхэлдэг. Үүнээс өмнө буюу 1927 онд батлагдсан Монгол ард улсын шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах, илтгэх тухай хуульд “...аливаа ихээхэн эрүүгийн хэргийг анх байцаахын тулд шүүх явдлын яаманд шууд захирагдах тусгай байцаагч буй. Эднийг мөнхүү яамнаас байгуулсан уг орон тооны ёсоор сонгон авч зохих ангиудад томилон суулгаж албан тушаалыг гүйцэтгүүлнэ. Аливаа ихээхэн эрүүгийн хэргийг шүүн таслахад урьдаар харъяат байцаагчид шилжүүлэн гүйцэтгэнэ” хэмээн заасан нь ирээдүйн мөрдөн байцаах албаны эхлэл болсныг үгүйсгэх аргагүй билээ. Ийнхүү шинэ тутам байгуулагдсан алба он цагийн урсгалд хөгжсөөр өдгөөг хүрсэн түүхтэй. Энэ цаг мөчөөс хойш Мөрдөн байцаах албыг цагдаагийн байгууллагын үе үеийн шилдэг боловсон хүчнүүд удирдаж ирсний дотор А.Давааням, Д.Алтангэрэл, Ж.Бумнанжид, М.Энхамгалан нарын алдартнууд бий. Мөн мөрдөн байцаах албаар овоглож явдаг Р.Өлзийбуян, Х.Лэгрэв, Ц.Содов, С.Дамдин, Ё.Бадамдорж нарын таван гавьяат хуульчийг дурдаж болно. Тэд бол мөрдөн байцаах албаны бахархал болсон шилдэг хуульч, мөрдөн байцаагчид билээ. Түүнчлэн өнөөгийн мөрдөн байцаах албаны дүр төрхийг бий болгохын тулд тухайн цаг үед нь зохицуулж хэд хэдэн удаа шинэчлэн зохион байгуулжээ. Түүхийг сөхвөл, Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Улсын Бага Хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 101 дүгээр тогтоолоор УАБХЕГ-ын Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагын мөрдөн байцаах албадын орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт ЦЕГ-т шилжүүлж өнөөгийн Улсын мөрдөн байцаах газрыг байгуулж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































