Мөн Ерөнхий шүүгч Ц.Зориг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар /Хархорин дахь/ шүүхээр орж, ажил байдалтай нь танилцжээ. Энэ үеэрээ тус шүүхийн шүүн таслах ажлын чанар харьцангуй сайн байгааг Ерөнхий шүүгч тэмдэглэн хэлсэн байна.
Уулзалтын үеэр Архангай болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, ажилтнууд шүүн таслах ажиллагаа явуулах орчин нөхцөл муу, шүүгч, шүүхийн ажилтнуудын орон сууцны асуудал маш хүнд байгааг хэлж, энэ талаар анхаарахыг хүсчээ. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл хуулийн дагуу өөрт нь байхгүйг хэлээд зохих газарт нь дээрх хүсэлтийг уламжлахаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг орон нутгийн шүүхийн шүүгч, ажилтнуудыг мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, Шүүхийн тухай багц хуулийг сайтар судлах, Хуульчдын холбооны их хуралд идэвхтэй оролцох шаардлагатай байгааг захиж хэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/