
Энэхүү хуралд Монгол Улсаас ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцоод иржээ. Тус уулзалтад 140 гаруй гадаадын, 200 гаруй дотоодын зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд соёлын аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулжээ. Мөн энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, туршлага солилцох, эдгээр салбарт олон улсын бизнес эрхлэгчдийг холбох ажилд хүрч чадсан арга хэмжээ болсон гэж албаныхан дүгнэж байна.
Уг зөвлөлдөх уулзалтын хүрээнд олон улсын түвшинд соёлын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон энэ чиглэлийг хөгжүүлэх тал дээр баримтлах хэтийн бодлоготой танилцсан байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал Гансу мужийн төв телевизэд Монгол орны соёлын аялал жуулчлалын талаар ярилцлага өгсөн бөгөөд БНХАУ-ын Соёлын Яамны удирдлагуудтай уулзан БНХАУ-ын Соёлын сайд Цай Ву-ны Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцсан юм.
БНХАУ-ын Соёлын сайд Цай Ву манай улсад энэ сарын 24-25-ны өдрүүдэд Ц.Оюунгэрэл сайдын урилгаар албан айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээндээ ерөнхий сайдад бараалхаж, гадаад харилцааны дэд сайд нартай уулзах юм.