Өнөөдөр болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар нийслэлд шинээр баригдаж буй барилгын гадна ханын дулаалгын материалд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтыг өнгөрөгч зургаан сард хийсэн бөгөөд шинээр баригдаж буй 21 барилга, барилгын дулаан тусгаарлах материалын 16 үйлдвэрийг шалгалтанд хамруулжээ. Шинээр баригдаж буй барилга байгууламжийн зураг төсөлд хийсэн шалгалтаар гадна ханын дулаалгад ямар марк, шатлалын ямар шинж чанартай хөөсөн полистирол хавтан хэрэглэхийг тодорхой зааж өгөөгүй зөрчил бүгдээс нь илэрчээ. Үүнээс үүдэн зарим барилга дээр чанаргүй, хямд үнэтэй хөөсөнцөр сонгож хэрэглэсэн байна. Цаашилбал шалгалтанд хамрагдсан 16 үйлдвэрийн 5 нь технологийн заавар боловсруулаагүй, 7 нь бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулаагүй, 13 нь /давхардсан тоогоор/ тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа эрхлэж байсан нь зэрэг нь тогтоогджээ.



















































