
Энэ санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамж, эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ хотын төлөвлөлтийн зураг төслийг баталж, говь тал хээрийн бүсийн хүн ам газар тариалан, уул уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээнд тулгуурласан усны нөөцийн менежментийг боловсруулан хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллах юм байна. Энэ хамтын ажиллагааны эхний шат 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь 1-1,5 сая ам. доллар байна.
Үүний дүнд нийслэл хот дэлхийн хотуудын стандарт, жишигт нийцсэн усан хангамж, аруитгах татуургын сүлжээ бүхий шинэ төлөвлөлттэй болох, говь, тал хээрийн бүсийн хүн амын ундны болон ахуйн найдвартай усан хангамжтай болох боломжтой аж.
Дашрамд дуулгахад “2030” Дэлхийн усны нөөцийн бүлэг Давосын эдийн засгийн чуулганы дэргэд байгуулагдсан ба дэлхийд нэр хүндтэй компаниуд болох Нэстл, Пэпси, Соса Сола групп болон Рио Тинто компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс хамтран ажилладаг аж. Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк ч дэмжлэг үзүүлж байна. Мөн тэд үндэсний болон муж улсуудын хэмжээнд усны тулгамдсан асуудлын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, олон талын оролцоог хангасан төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, ИНБ-ын түншлэлийн байгууллага аж.